Text
oh, bodluud
Эргэн тойрноо анзаарах ч сөхөөгүй хичнээн ч өдрийг өнгөрөөв. Яг үнэндээ завгүй байсан гэсэн үг биш л дээ. Зүгээр л үнэнтэй эсвэл нөхцөл байдалтай нүүр тулахаас айн толгой гудайж өнгөрүүлсэн унтаа өдөр хоногууд л байв. Харин өнөөдөр л нэг эргэн тойрноо зориг гарган ажиж би юу хийж, юу бодож, хаана яваагаа сэхээрэх аядав.
итгэл найдвар гэдэг хий хоосон
Яагаад ч юм өөрийгөө их л том хүн болсон юм шиг бодож байсан ч үнэндээ юу ч мэдэхгүй хүүхдээрээ байснаа ойлгов. Бага байхад хичээхгүй байсан ч болоод л байдаг байсан болохоор яг л тэр зангаараа амьдралд хэнэггүй хандсан бололтой. Бүх зүйл бүтнэ болно би л хүсэх юм бол бү�� зүйл болчих юм шиг санагддаг байсан цаг хугацаа. Юу гээч гэхдээ хэзээ ч бүх юм хүссэнээр минь аз жаргалтай амар сайхандаа жаргадаггүй бололтой. Чухамдаа одоо энэ тэндээ орсон эмх замбараагүй энэ их бодлууд ерөөс энэ хөнгөн гэнэн бодол, аяндаа болно гэсэн тэнэг итгэл найдвараас болсон юм болов уу. Тэгтлээ их зүтгээд тэмцээд хичээгээд байдаг хүмүүсийг хараад юуны төлөө ингэж их өөрийгөө зовоодог байна аа гэж бодож байсан тэр үеийн өөрөөсөө ичих шиг. Юуны төлөө юу байх вэ. Амьдрахын төлөө л энэ юм байна.
итгэл найдвар гэдэг хий хоосон
Бас нэг бодол. Хүнд тэгтлээ итгэх хэрэггүй юм гэж. (итгэл гэдэг нь сэтгэлээ өгөх гэх утгаараа юмуу даа) Нөгөө хүнээсээ болж байгаа ч юм биш, итгэх итгэхгүй нь зөвхөн хүний өөрийнх нь сонголт байх. Би итгэхийг хүссэн болоод л итгэж найдаж байгаа. Тэр хэрээрээ сэтгэл ханамж мэдэрнэ. Үр дүн нь ямар байх нь эхэн үедээ хамаагүй. Хамаагүй ч гэж, бодвол их л сайн сайхнаар төсөөлж сонголтоо хийж байгаа юм. Гэтэл үр дүн тавь тавин хувийн магадлалтай. Гэхдээ сэтгэлийн тухайд магадлал эрсдэл тооцох нь утгагүй л байх. Зүгээр л хэт их итгэлийн үр дүнд тэр хэрээний шаналал байдаг юм байна гэдгийг ойлгов. Өгөх авахын тухайд ч тэр. Хэт ихийг авах хэт ихийг ч өгөхийн хэрэггүй юм шиг. Дараа нь дурсамж гэж нэг юм үлдээд хэцүү байх нь.
итгэл найдвар гэдэг хий хоосон
Нийгэмд ганцаараа оршин тогтноно гэж байдаггүй юм байна шүү нтр. Бүхий л тал дээр хүрээлэл гэдэг маш том давуу тал болдог юм шиг. Гэхдээ бүр л хүмүүстэй харьцахаас цааргалаад л байгаа. Хэрхэн энэ байдлаа засахаа өөрөө ч мэдэхгүй юм.
итгэл найдвар гэдэг хий хоосон
Энэ мэт хэрэгтэй хэрэггүй маш их бодлууд толгой дотор эргэлдээд, өөрийнхөө ямар өчүүхэн болохыг мэдрээд л.. Бичихгүй л бол бодол дундаасаа босч ирж чадахгүй юм шиг санагдаад.
бодсоноосоо шал эсрэгээр л биччихлээ :(
2017.12.23
6 notes
·
View notes
Text
Яг жилийн өмнөх энэ үе. Мүрүкамигийн зохиолд гүн орчихсон их шимтэн уншиж байж билээ. Магадгүй тэр үед танилцсан нэг хүнээс болоод тэгтлээ их сонирхол татсан байж мэдэх юм. Түүнтэй их адилхан санагддаг байсан болохоор...
Анх уулзсаныхаа дараа тэр надад ингэж хэлсэн. “Энгийн юм аа.” Би түүнд тэгж санагдсан хэрэг л дээ. Энэ үг надад их тухгүй санагдсан. Би тийм онцгой хүн биш ч гэлээ надаас ийм энгийн байдлыг мэдэрсэн гэхээр сэтгэлээр унасан гэх үү дээ. Тэр үеэс л магадгүй өөр байхыг хүссэн байх. Бусадтай адилхан байхыг хүсээгүй. Өөр байна гэдэг нь гаж содон болох гэдэг утгаараа биш л дээ. Өөрийгөө нээх, өөрийгөө илэрхийлэх гэдэг утгаараа. Бүх хүн бие биенээсээ ялгаатай өөр. Гэхдээ тэр нэг нийтлэг хүн гэх юмнаас ангид сэтгэлээрээ ч, мэдрэмжээрээ ч тэр өөрийн онцгой байдлыг гаргаж ирэхийг хүсч эхэлсэн. Хэн нэгнээс санаа зоволгүйгээр дуртай хувцсаа өмсөх, дуртай зүйлээ хийх, өөрийн бодол, мэдрэмжээ илэрхийлэх, мэдрэмжээрээ 'байх' гээд л. Энэ бүхэн хэтэрхий энгийн сонсогдож байж мэдэх ч их хэцүү... /Магадгүй одоо ч таньдаг хүмүүс маань намайг байдаг л энгийн гэж боддог байж мэднэ. Гэхдээ би энгийн байхыг хүсэхгүй байна. Хүн бүрийг миний л гэсэн онцгой чанарыг олж хараасай гэж хүсдэг./
Одоо ч 'өөр болох'-ыг хүссээр л буй. Яг тэр үед энэ дууг олж сонссон. Яг л тэр үеийг санагдуулам дурсамж мэдрэмжүүдийг энэ дуу бий болгодог. Чухам үнэндээ тэр хүнийг ч их санагдуулдаг. (Санахын тулд ч сонсдог байж мэднэ.) Гунигтай юм шиг гэхдээ их амар тайван шүү.
Салхи зөөлөн салхилах шиг л...
youtube
2 notes
·
View notes
Text
Нацүмэ Соосэки “Сэтгэл”
(Сэтгэгдэл)
心- こころ
Багадаа япон хэл сурч байхдаа анх энэ ханзыг мэдэж авсан юм. Усан дусал дуссан юм шиг нэг тийм нандин, уяхан харагдсан бөгөөд утга нь ч зүрх сэтгэл гэсэн нь цаанаа л нэг сэтгэл татсан юмдаг. Япон хэлээ бараг л мартсан надад энэ үг л хэзээ ч санаанаас гардаггүй юм. Хааяа хааяахан зүгээр л толгойнд ороод ирчихнэ. Тэгээд амандаа үглэнэ. Кокоро- зүрх сэтгэл.
Номын сангийн япон номын хэсгийг гүйлгэж хартал нөгөө нэг "сэтгэл" гэх дотно үг нүдэнд туслаа. Тэр нь Нацүмэ Соосэкигийн эл зохиол байв.
"Чи муу хүмүүс гэхээр өөр тусгай төрлийн хүмүүс байдаг гэж бодож явдаг юм биш биз?" гэж багш хэлсэн. Сайн ба муу. Хүн бүхэн сайн бас гэхдээ муу. Тэр муу зан өөрт нь ашигтай ямар нэгэн зүйлд яахаас ч буцахгүй гарч ирнэ. Үүнийг шунал хүсэл гэдэг. Амьдрал дээр тэр нь мөнгө байх нь олонтаа. Хүн бүхэн хангалуун сайхан амьдрахыг хүсдэг тул мөнгө зайлшгүй чухал хэрэгцээ юм. Харин түүний төлөө хэн нэгнийг хуурах гэдэг зарим сайн хүнд ч дагалдаж болох хар сүүдэр юм даа. Өөрөөр хэлбэл сайн хүн муу болох, муу талаа харуулах. Хүн бүр л адил гэнэн цайлган цагаахан төрсөн авч заль мэх, шунал хүслээс болж хар сүүдэр тусдаг байх нь. Багш ч гэсэн хорвоогийн тийм нэгэн жам ёсонд ороогдон хүнд итгэх итгэлээ алдсан ажээ.
Сэтгэлийн гүн бөглүү, шаналал ганцаардалд орсон залуу К. Түүний амьдралын хамгийн сүүлчийн гэрэл бол хайр. Гэвч үүнийг хүлээн авч зүрхээ нээх үү, эсвэл сэтгэлээ нуун бүр гүндээ нуугдах уу гэдэг түүний сонголт байлаа. (Тэр надад таалагдсан.) Яагаад ч юм хааяа нэг сайн санаа алддаг даа, эсвэл нэг л их уй гунигт автаад юу ч бодох сөхөөгүй гөлрөөд л. К хэзээнээс ч юм яг л тийм гэхдээ илүү гүн гүнзгий гунигт автаад, сүүлдээ тэр нөхцөлдөө дасан зохицож бодит байдлыг ч бүрнээ мэдрэхийг хүсэхээ больсон шиг санагдана. Түүний энэ их гунигаас гарч чадах ганц гарц нь охин байсан. Гэсэн ч тэр анд нөхөртөө зай тавьж өгснөөрөө сэтгэлийнхээ гүнд өөртэйгөө салах ёс хийгээд энэ хорвоогоос одсон билээ.
Хүн гэдэг их өчүүхэн сэтгэлтэй юм. Өөрийн замд саад тотгоргүй, өөртэй нь харьцуулагдашгүй зүйлийг дэмнэж туслахдаа миний тус гэж сэтгэл хангалуун бодох авч, өөртэй нь хамаатай, амьдралынх нь ямар нэг зам мөрд саад тотгор учруулах аваас атаархах жөтөөрхөх сэтгэл цаанаасаа төрдөг юм шиг ээ. Угаас бусдыг өөрөөсөө дор байлгах, бусдаас дээр байх нь хүний зөн уг чанар байх.
Хайр гэдэг солиорол. Юу ч хийхээс буцахгүй. Хэн нэгнийг өөрийн эзэмшилд оруулахын тулд хуурч мэхлэх, хайрлан дурлах ялгаагүй эцсийн дүндээ тэр хүнийг өмчлөхийг өөртөө авахыг шунан дурлаж байгаа хэрэг. Хайртай гэдэг үг чихээ дармаар, сэтгэлээ нуумаар тийм аймшигтай хашхираан шиг санагдана. Хэн нэгнийг хэн нэгнээс, ямар нэг юмнаас харамлах нь араатны чанарыг цухас харуулдаггүй гэж үү. Харин хүмүүс түүнийгээ хайр гэдэг. Өөр хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй болохоор хайр гэгч араатан чанарыг сэтгэл зүрхтэй холбож хайрлах гэж тайлбарладаг. Чухамдаа хайр гэдэг нь үнэхээр сэтгэл зүрхтэй холбоотой эсэхийг бид мэдэхгүй. Зүгээр л тэгж итгэдэг.
Сар болгон найз дээрээ очиж нүглээ наминчлах, эхнэрээсээ үе үехэн уучлал гуйх, түүндээ шаналан гэмших, үхлүүт амьдрах, эцэст нь амиа хорлох энэ бүгдийн эхлэл тэр хайр гэгч шунал хүслээс үүдэлтэй гэж бодном. Тэр хайрын оронд ийм их зовлон гуниг шаналал ирж байхад хайрыг ариун гэгээн зүйл гэж бодсоор байх нь утгагүй юм шиг. “Дурлал гэдэг нүгэл” гэж нэгэнтээ багш хэлсэн дээ. Юутай ч сэтгэл гэдэг туйлын эв хавгүй, эмх цэгцгүй, учир зүйгүй хувьсамтгай, хэдий ч уян хатан, уужуу тайван нэгэн бүхэл цогц юм. Хэн нэгэн муу үйл хийсэн ч тэр бүхнээ сэтгэлдээ наминчлах, гэмших, харуусах, буруугаа хүлээх гэх мэт мэдрэмжүүдийг сэтгэлдээ тээж агуулж явдаг шиг санагдана. Тэгэхээр сэтгэл гэдэг маш олон мэдрэмжүүдийг өөртөө хадгалж, хүнийг бүхий л хэсэг, бодол сэрлүүдийг хамтад нь агуулж байдаг. Сэтгэлийн тэр далайд хэт гүн живэх нь бодит ертөнцийн сайхан муухайг умартуулж, сэтгэлийн тэр эмх цэгцгүй зөрчил дунд төөрч будилж, бэдэрч явахдаа амиа өгөхөөс аргагүй болдог биз ээ.
Сэтгэл гэдэг...хэзээд үнэн.
Би их гунигтай хүн.
Би хүн шиг хүн биш.
Би К.д хайртай.
Номын хэсгээс:
"Хүнийг хайрлах хүн, хайрлахгүй байж чадахгүй хүн тэгсэн хэрнээ өөрийнх нь нөмөрт оръё гээд хүрч ирэх хүнийг гараа дэлгээд тэврэн авч чадахгүй хүн..."
"Гэвч хүн гэдэг эрүүл,өвчтэй ямар ч бай их хэврэг амьтан. Хэзээ ямар байдлаар, хэрхэн үхэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ."
"Жам ёсоор оргил үе нь өнгөрөн одоход сэтгэл хөдлөл нь буурч сүүлдээ байгаа байхүй нь үл мэдэгдэх орон зайны хүн болж хувирна."
"Дурлалаас сэтгэлийн таашаал, баяр баяслыг мэдэрч буй хүн илүү уян зөөлөн намуун дуутай байдаг юм. Гэвч... Гэвч дурлал гэдэг нүгэл."
"Чи муу хүмүүс гэхээр өөр тусгай төрлийн хүмүүс байдаг гэж бодож явдаг юм биш биз?"
"Анх оюутан болох үес оюутан бүр агуу том мөрөөдөл өвөрлөн аян замд мордоцгоох боловч нэг жил, хоёр жил улиран одож удаж төдөлгүй сургуулиа төгсөх цаг ойртон ирэхүйд гэнэт хөл нь урагш ахихдаа болхи, болхи удааныг мэдэрч тэгээд ихэнх нь шантардаг нь жам ёсны явдал..."
2017.04.19
3 notes
·
View notes
Text
2017.5.18
youtube
Өдөр бүр зүв зүгээр юм шиг. Юм бүхэнд инээнэ. Инээнэ гэдэг сайн. Гэсэн ч чин сэтгэлийнх биш. Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй. Өөрийгөө өдөр бүр хуур��аг. Долоо хоногийн яг гуравдах өдөр л туйлгүй ихээр гунигладаг. Зах хязгааргүй далайд хөвж яваа шиг. Хэн нэгэн өмнө минь дуу шуугүй өөд болох шиг. Тийм гунигтай аниргүй намайг бүчин авдаг. Сэтгэлээ сонсохыг хүсээгүй өдөр хоногуудад дотор минь ядарч туйлдсандаа долоо хоногийн дунд үед надад үргэлж хэлдэг.
Энэ чи биш гэж. Чи сул дорой гэж. хүч чадалгүй гэж. Юу ч хийж чадахгүй гэж. Хэн ч үнэн биш гэж. Юм бүхэн худал гэж хэлдэг.
Би сонсохыг хүсдэггүй. Тиймээс боддоггүй. Гэсэн ч нулимс гардаг. Оюун бодлоос ангид, сэтгэлийн гүнээс. Тэгээд би дотроо өдөржин хэвтдэг. Оюун бодлоо унтуулахыг эрмэлздэг. Хэн нэгэнд хэлмээр, яримаар. Гэсэн ч юу ярихаа мэддэггүй. Тэгээд, тэгээд л дуугүй өнгөрдөг. Тэгээд л инээдэг. Хэн ч мэдэхгүй. Өөрөө ч мэдэхийг хүсдэггүй ийм нэгэн явдал. Тэнд байсаар байна.
1 note
·
View note
Text
түүх
Одод үгүй бөглүү тэнгэрт саран авхай ганцаар зочлохуйд Хар хувцаст нэгэн хүн ойн голоор алхан явжухуй. Тэрхүү хүний чигтээ урд бас нэгэн хүн гэрийн зүг тайван алхахуй. Гунигт тэр шөнө гэнэн хонгор охиныг хорон санаат тэр эр хуурч мэхлэн авч оджээ. Охиноо хүлээсэн эх ойн зүг хараа тавин сэтгэл юугаа аргадан санаа зовнин өнжив. Хөөрхий бяцхан охин хэрэг явдлыг ухаараад нулимс дуслуулан мэгшихэд тэр чимээн тэнгэрт аянга адил цуурайтав. Аргаа барсан эх айн түгшин гэрээсээ арга буюу гарах үесд Хорон сэтгэлт эр, жаахан охины хувцсыг жавартай хүйтэн усанд хаяад ойн гүний модны ёроолд нүцгэн нэгэн цогцсыг орхив. Эхээс унасан биеэрээ эзгүй өнчин газарт үлдэв. Хар хувцаст эргэн сэрэмжлэнгүй алхсаар оромжиндоо буцан Унтжээ. Үүр шөнийн заагаар Нэгэн зүүд зүүдлэх нь Амьгүй нэгэн цогцос эгц урд нь зогсоод инээжээ. Эр нүдээ нээсэнд энэ зүүд биш ажээ. Хорвоогийн нэгэн хар хувцаст Нэгэн үхдэл болов. Хаа нэгтээ хорон сэтгэлт ч, хөөрхий охин ч дахин төрнө. Дахин үхнэ. Бас дахин...
0 notes
Text
Зах
Зах руу явахаар яагаад ч юм хүмүүсийг ажигламаар санагддаг юм. Ялангуяа хөгшин хүмүүсийг. Наранд гандсан бор арьстай, нүүр гаргүй үрчлээ татаж завсраар хир тортог болсон байх нь, тэр гараараа шороонд дарагдсан хэдэн үсээ илбэх нь яагаад ч юм их л сонирхолтой харагддаг юм. Бодлогоширсон эсвэл бүр бодохоо ч больсон мэт тийм нэг гүн харцаар ширтэх, ядарсан толгойгоо аажим өргөөд урагшаа алхаж байгаа нь тийм гэхийн аргагүй гунигтай санагдана. Амьдралд бидний өдөр тутамдаа харж заншсан гоё сайхан зүйлс, гоё сайхан хүмүүс жинхэнэ биш харин энэ ертөнцөд амьдарч байгаа хүмүүсийн зовлон шаналал уй гашуу, гуниг харуусал, тэдний бүтээсэн бид л өөрөө энэ ертөнц, энэ ертөнцийн гоо сайхан, төгс төгөлдөр мөн байх. Хайр татмаар хүмүүс.
Зүгээр л бичсэн юм:
Өглөө наран мандаж үдэш наран жаргасаар ахиад л нэг өдөр эгэл жирийн энгийн даруугаар өнгөрөн одох нь ээ. Нар жаргахын үесд өвгөн сурсан ёсоороо хотын төвийн жижигхээн цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Урьдын л адил чимээ аниргүй намуухан дотно хэвээрээ. Энэ бөглүү цэцэрлэг хэзээнээс өвгөний орон гэр, унтах оромж нь болсон билээ. Хаа нэг ганц хоёр хүмүүс алхдаг ч барагтай бол хүн үзэгдэхгүй. Өдрийн цагаар захын их хөл хөдөлгөөн, чимээ шуугианд ядарсан биеэ энэ л хэдэн хоромд амраадаг ажээ.
Бага залуугаасаа амьдралын төлөө хичээж мэрийж, шантрах үедээ шүд зуун тэсч, бүхий л хэцүү зовлонг даван туулж амьдарсан түүнд амар тайван байсан үе ховор. Багаасаа зураач болохыг мөрөөддөг байсан ч амьдрал түүнд боломж олгосонгүй. Өөрөө ч ийм байх л ёстой юм шиг үхтлээ хичээдэг байж л дээ. Харин саяхан л түүнд амьдралаа эргэн харах сөхөө олдсон бололтой. Энэ цэцэрлэгийг нэгэн их бороотой үеэр анх олсон бөгөөд тэр л өдөр тэрээр амьдралынхаа утга учрыг олох шиг бол��он билээ. Тэр ажлаасаа гарч гэр бүлээсээ салжээ. Хотын захын нэгэн нийтийн байранд ганц өрөө хөлслөөд өөрийн мөрөөдлөө биелүүлэх болжээ. Тэр бол зурах. Тэрээр хэдэн өдөр хоногоор ч өрөөнөөсөө гаралгүй ухаан жолоогүй л зурах болж. Нийтийн байр болохоор ч тэр үү дуу чимээ ихтэй, олон айлын хэрүүл маргаан уйлаан майлаан байнга хадаатай. Энэ нь төвөгтэй мэт боловч нөгөө талаараа түүнд зургийнх нь сэдэв болдог билээ. Хүмүүсийг гуниж гутарсан, санааширсан, бодлогоширсон байхыг хараад туйлын ихээр баярлаж, тэднийг цаасан дээр тэрхүү мэдрэмжтэй нь хамт буулгахыг тэмүүлдэг байв. Гэвч энэхүү их урам зориг тийм ч удаан үргэлжилсэнгүй. Удалгүй тэр дахиад л асар их утга учиргүйн ангалд орчих шиг болжээ. Энэ амьдрал бас л миний хүсэл, эрж хайсан юм биш байна гэж тэрээр бодоод байрнаасаа гарч энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн саравчин дор хоног төөрүүлэх болжээ.
Харин өдрийн цагаар их зах руу явж амьдралын төлөө одоо ч тэмцсээр байгаа нүүрэндээ үрчлээ тодруулсан амьд түүхүүдийг ажиглах болжээ. Тэдний гунигтай бодлогоширсон харц, насны тоогоор нэмэгдсэн үрчлээн дундаас инээмсэглэх нь энэхүү орчлонгийн хамгийн төгс төгөлдөр гоо сайхан шиг санагдана. Тийм ээ энэ бол түүний насаараа сэтгэл зүрхэндээ эрж хайсан гоо төгс мэдрэмж байлаа. Одоо тэр амьдралаас юу ч хүссэнгүй. Өглөө нь зах руу явж, орой нь цэцэрлэгтээ амрах. энэ л өвгөний амьдралын утга учир сэтгэл ханамж нь ажээ.
2 notes
·
View notes
Text
Хүмүүс ийм хөгийн. Новш шиг
Хүмүүс ийм хөгийн. Новш шиг!!! гэж багш хэллээ. Үнэхээр ч тийм юм. Худал хуурмаг жигшмээр энэ ертөнцөд тэдний хажууд байна гэдэг тэвчихийн аргагүй тамлал шиг санагдана. (магадгүй би ч хүмүүст тэгж санагддаг болов уу) Их ярьсан хийрхүү хүмүүс, инээж ханиасан бялдууч хүмүүс, зальхай заналт хүмүүс. Залхмаар гэдэг нь.
Энэ орчлон яагаад ийм бузар булай доог тохуутай өрөвдмөөр юм бэ. Эсвэл би л ингэж боддог байх. Гэсэн ч хэцүү юм.
Саяхан бичсэн хийх зүйлсийн жагсаалтдаа 'нийгэмших' гэж оруулсан юмсан. Харин ийм хачин жигтэй утга учиргүй хүмүүстэй хамт байж чадахгүй бололтой. Тэдний хувьд би ингэж санагддаг байх л даа. Миний хувьд ч тэд ингэж л санагддаг.
Ааааааа, юуг ч ойлгохгүй байна. Толгойгоо с��ргээх цаг болжээ.
2 notes
·
View notes
Text
Оройн тэмдэглэл
Орой ганцаараа алхаагүй их уджээ. Харин өнөөдөр оройн шалгалтны ачаар буцах замдаа алхав. Эргэн тойрон тийм нэг анир чимээгүй, салхи хүртэл бүхий л биеэр минь нэвт шингэхийг мэдрэв. Зөрж өнгөрөх хүмүүс, уйлж, дуулж, инээгээд л, зарим нь хайраа гэж дуудалцаад л хөтлөлцөж алхаад л. Энэ бүхэн утга учиргүй ертөнцийн дооглом өрөвдөлтэй үзэгдэл шиг санагдсан. Би ч тэдний нэг хэсэг байх. Тэр болгоныг чимээгүйхэн ажиглах нь надад таатай байв. Ихэнх хүмүүс чихэвчтэй байсан. Мэдээж ганцаараа алхаж буй хүмүүст түүн шиг хань хаа байх вэ. Надад ч тэр. Харин надад нэмэгдсэн юм юу вэ гэвэл нүдний шил. Шилээ зүүчихээр хэн ч намайг танихгүй юм шиг, би л тэднээс тусдаа байгаа юм шиг /харь гарагийн хүн ч юмуу/ бодогдож, бага ч болов өөртөө итгэлтэй алхдаг юм. Үл үзэгдэгч нөмрөг шиг л санагдаад байгаа шүү. Их тухтай.
Тэгээд л би алхаад л, алхаад л...
нимгэн хувцастай удаан алхсанаас хоолой өвдчихсөн хэдий ч удаан хугацааны дараа мэдэрсэн нэг тийм амар амгалан содон мэдрэмж байлаа.
Дуунаас барьж авсан ганц үг -- I don’t love you anymore. Bye. -- Гоё үг
3 notes
·
View notes
Text
2017.03.24
Чиний үнэр одоо энд
Цастай хамт үгүй болжээ
Газарт шингээд агаарт уусаад
Үлдсэн юмгүй алга болжээ
Тэр их хүчтэй мэдрэмжүүд
Тийм байгаагүй юм шиг мартагдаж.
Санахаас нэр чинь
Бас хэдэн дурсамжууд
Гарт баригдахгүй бодолд хөврөх хэдэн дүрс
Тэр дүрсүүд
Тэр цагт хичнээн их шаналгав
Хичнээн их гуниглуулав
Харин одоо юу гээч
Юу ч алга бололтой
Би инээж байна.
Гэхдээ бас уйлах шиг
Яагаад тэр билээ...
Уулзахын хүслэн, өөр юмгүй
Дурсахын хүслэн, өөр зүйлгүй.
Сүүлийн удаа~эхний удаа
Дахин үргэлжлээсэй .
Сүүлийн өдрүүд
Бас эхлэлүүд.
0 notes
Text
2017.03.22
Ийм гунигтай өдрүүдийг хэрхэн давж туулна даа
Ингэж байхаар бороо л ороосой
Эргэж харалгүй урагшаа гүйх юмсан
Бороонд нороод гүйх юмсан
Нойтон хувцас биед наалдахад
Инээд алдаад тайлж шидчихээд гүйгээд явахсан
Ингэж байхаар энэ ертөнцөөс явахсан...
:: Зүгээр л инээх юмсан даа. ::
3 notes
·
View notes
Text
Бүх зүйлийг чинь хадгалж, хайрлаж, дурсаж явах болно оо...
Баяртай.
2017.03.04
0 notes
Text
ягаан
Би хэзээ ч тэнгэрийг цэнхэр өнгөтэй гэж бодож байгаагүй. Энэ жижигхэн дэлхийг явж явж цэв цэнхэр эсвэл хөх өнгө бүрхэх нь угаас утгагүй санагддаг. Тэр том цэнхэр дээр цагаа үүл хөвөх нь бас л ямар ч зохицолгүй. Яаж бодохоороо цэнхэр дээр цагаан гэж...
Тэрний оронд ягаан ч юмуу байвал сэтгэлд арай аятай байхсан. Бүдэгхэн ягаан тэнгэрт тод ягаан үүлс хөвөөд, эсвэл тод ягаан тэнгэрт бүдэг ягаан үүлс. Яагаад байж болохгүй гэж. Би хайртай. Миний ертөнцөд хэзээд тэнгэр ягаанаараа, жижигхэн гараг минь ч ягааран туяаран байхсан. Миний ертөнцийн хүмүүс хэзээд бас л дулаахан, ягаахан хүмүүс. Тэд, бид ягаан пицца идэж, ягаан ундаа ч ууна. Ягаан үстэй, ягаан нүд��эй, ягаан сормуустай...
Би цэнхэр тэнгэртэй ертөнцөд амьдрахыг хүсдэггүй. Би ягаан гараг руу нисмээр байна. Энэ орчлонгийн хар бараанууд, хүн бүхнээс холдоод ягаахан гараг дээрээ л амьдармаар байна.
Тэнгэр бүрхэхэд би хичнээн их амар амгаланг мэдэрдэг гээч. Бас тайвшрал, хөнгөхөн гуниг. Өөрийн оршихуйгаа ч бэдэрч эхэлдэг. Яагаад гэж үү. Тэнгэр цэнхэр биш байна шүү дээ. Тэр цагаан, саарал, бүүдгэр, сүүмгэр байна. Ядаж л ягаантай ойр юм...
0 notes
Text
Бороо шиг асгарах их гунигийг яах вэ. Бодол дундаа норон зогссоор хичнээн ч удав. Хэсэг хугацаанд ирсэн танихгүй нэгний шүхэр дор хичнээн дулаахан байсан гэж санана. Биш ээ байна гэж... Шүхэрний цаанаас тэр харагдахгүй. Гэсэн ч би үүнээс эмээлгүйгээр түүнтэй байхыг хүсч байна. Үүрд гэдгийг хүссэн ч тэр сарниад алга болчих байх. Эрж хайя гээд ч магад олдохгүй биз. Тэгвэл би тэсэхгүй. Эртхэн шүхрээс өөрөө зугтаж мөнхийн гунигтаа норон зогсох нь зөв ч юмуу даа...
2016.12.12
0 notes
Text
хайр
Та надад хайртай юу? -Мэдээж шүү дээ, охин минь. Би чамд хайртай. Тэгвэл миний юу таалагдсан юм бэ? -Ммм, (тэр над руу удаанаар ширтээд..) чи болохоор л... Энэ хариулт л надад хангалттай байсан юм. Элдэв нуршсан зүйлгүй төгс хариулт. Тэр надаас 10 насаар ах бас миний анхны хайр. Өвөл байсан, их хүйтэн. 2012 оны хамгийн сүүлчийн шөнө. Тэр өдөр би 18 нас хүрсэн юм даг. Ямар ч билээ нэг тохиолдлоор манай гэрийнхэн тэр шөнө байгаагүй. Тиймээс ганцаараа л төрсөн өдрөө тэмдэглэх болов. Жижигхээн бялуу, ганцхан ширхэг лаа. Төгс ширээ. Лаагаа асаачихаад яг хүслээ бодох гэж байтал хонх дуугарав. Шинэ жилийн шөнө, ганцаараа, хонх, эрэгтэй хүний хоолой. Хаалгаа тайлтал хажуу айлын ах байлаа. Сэтгэл татам аядуу зөөлөн эелдэг. Би бодохдоо их мэдрэмтгий, урлагийн хүн шиг л санадаг юм. - Ах нь гэрийн түлхүүрээ хаячихжээ. Засварчин дуудах гэсэн ч баярын өдөр гээд ирэх хүн олддоггүй ээ. Танайд түр байж болох уу? Би ч их балмагдсан болохоор юу ч хэлж чадалгүй хэсэг зогслоо. Тэгээд, -Баярын өдөр яаж гадаа хонуулах билээ дээ. Та ор доо. Би зочны өрөөнд ор засаад өгье. Үнэндээ бол гэрийхнийхээ эзгүйд гадны хүн оруулж байгаадаа санаа жаахан зовж байсан ч би зөвшөөрсөн. Яагаад гэвэл би түүнд дурласан байсан. Тийм ээ хайртай байсан. Түүнийг сайн мэдэхгүй ч гэсэн зөн совингоороо би түүнд итгэдэг байсан. Тиймээс л тэр шөнө гэртээ оруулсан юм. -Хөөх төрсөн өдрийн бялуу байх чинь,? - Аа тийм ээ миний төрсөн өдөр өнөөдөр л дөө. Сая яг лаагаа үлээх гэж байсан юм. (Лаа аль хэдийн унтарчээ.) -Аан тийм байх нь ээ. Тэгвэл хоёулаа хамт тэмдэглэе. За ширээний ард сууж байгаарай. Лаа асааж, төрсөн өдрийн дуу дуулж өгөв. Харин надад төрсөн өдөр чухал биш түүний энэ байдал л сонирхолтой байсан юм. Гэнэн цайлган хүүхдийн дүр төрх бас хэдийн нас бие гүйцсэн залуугийн дүр төрх. Би лаагаа үлээхдээ юу гэж шивнэсэн гээч, "энэ шөнө үүрд үргэлжлээсэй". Бид хамтдаа кино үзэж элдвийг ярилцав. Нэг л мэдэхэд үүр хаяарчихаж. Тэрхэн үеэс л нойр ихэд хүрч унтахаар хамтдаа хэвтлээ. Зүгээр л нэг орон дээр халуун дулаанаар хамт хэвтсэн. Би түүнд хүрэхийг, тэврэхийг, гарыг нь атгахыг ихэд хүссэн ч зүрхэлж нэг л чадсангүй. Харин гэнэтхэн тэр намайг маш хүчтэйгээр энгэртээ наагаад, их л халуун дулаанаар энхрийлэн тэвэрсэн. Үсийг минь халуун гараараа зөөлөн илбээд үнэрлэхэд... тэгэхэд би нисэх шиг л болсон юм. Ям��р сайхан байсан гэж санана. Энэ чигээрээ удаан гэгч нь хамтдаа байх юмсан. Нэг л мэдэхэд унтаад өгчээ. Харин сэрэхэд тэр миний өөдөөс зөөлнөөр ширтээд, "сайхан амарсан уу" гээд инээгээд хэвтэж байсан. Миний хамгийн жаргалтай өглөө. Тэр надаас ах учир үргэлж л би түүнд гомдож, туниж, эрхэлдэг юм. Харин тэр намайг гомдоллох болгонд юу ч хэлэлгүй чангаар тэврээд нуруугаар минь зөөлөн илдэг сэн. Тэгээд чихэнд минь "тэнэгхэн охин минь дээ" гэж шивнэдэгсэн. Бид гэрийнхэнд мэдэгдэхгүйн тулд үргэлж л нууцаар уулздаг байсан сан. Би мэдэгдэхээсээ их л түгшдэг байж билээ. Арван насаар ах хүнтэй уулздаг гэвэл тэд л лав дургүйцэх нь тодорхой. Гэхдээ л би түүндээ маш их хайртай байсан болохоор хэзээ ч сална гэж бодож байсангүй. Харин, харин бодит байдал өөр гэдгийг тэнэгхэн тэр охин даанч ойлгоогүй байж. Бид салчихсан. Гэнэт л... Бид бие биенээ бүрэн дүүрэн ойлгож байсан болохоор салах шийдвэрийг зэрэг гаргасан байх. Бас бие биедээ маш их хайртай болохоор нэг нэгэндээ эрх чөлөөг олгосон байх.
Та надад хайртай юу? -Мэдээж шүү дээ, охин минь. Би чамд хайртай. Тэгвэл миний юу таалагдсан юм бэ? -Ммм, (тэр над руу удаанаар ширтээд..) чи болохоор л... Энэ түүний чин сэтгэл байсныг би мэднэ. Би одоо ч түүнд хайртай. Магадгүй тэр ч бас намайг санагалзан суудаг байх. Хайр гэдэг зарим хүмүүсд хамт байх боломжийг олгодоггүй бололтой. Яг л бид хоёр шиг.
2 notes
·
View notes
Text
Ганцаардал гэдэг хэзээ ч орон зайгаар хэмжигдэшгүй юм. Мөн цаг хугацаагаар ч тэр. Хээр талд байна уу, хэмхэрхий байшинд ч байна уу ялгаагүй ганцаардал гэдэг нэг л төрхөөрөө үзэгдэнэ. Нэгхэн цагийн ганцаардал ч зуун жилийн ганцаардалтай тэнцэхүйц их уй гашуу, гүн зовлонтой санагдана. Гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлсэн байхад ч ганцаардлыг хэдэнтээ гүнзгий мэдэрчихсэн байх нь ч хачин. Ерөөс сэтгэлийн энэ шимшрэлийг яахан ивээж хайрлах нь тухайн хүний дотор угаас байсан сэрэл мэдрэмж байх нь. Тиймээс ганцаардаж байвал дотроо хурга. Өөрийгөө энхрийл, хайрла. Бүхнийг умарт. Сэтгэлдээ тухтай нь аргагүй ор засаад хичнээн удаан хамаагүй унт. Тэгээд л хаврын шинэхэн цэцэгс шиг дэлбээгээ нээх хэрэгтэй юм шиг. /би ч үүрд унтмаар л байна/
1 note
·
View note
Text
Тэр нэгэн бороотой өдрийг санаж байна уу? Гэнэтхэн л тэнгэрээс асгарсан бороон дундуур гараас минь хөтлөөд гүйж байснаа. Тэгснээ гэнэтхэн зогсоод ухаангүй юм шиг удаанаар ширтсэнээ. Тэр үед би ойлгоогүй, сүүлийн учрал гэдгийг. Хөөрөн догдолсондоо уруулыг чинь шунан үнссэн минь одоо бодоход алдаа байжээ. Бороонд нэвчсэн хувцас бие биедээ шингэж улам халууцуулж, биднийг уусган шингээх шиг санагдсан. Тэр үед чухам чамайг надад хайртай л гэж бодсондоо, хамт байна л гэж санасандаа юуг ч үл огоорон бороонд норон зогссон. Гэтэл, гэтэл... үгүй байжээ. Чиний тэр харц хэзээний надад хариултаа өгчээ. "Би чамд хайргүй." Уруул минь татвалзан буруу зүйл хийсэндээ гэмшиж байх шиг зөөлөн чинэрэнэ. Харц минь газарт унаж, итгэлгүйхэн бороонд норсон гуталны хөдөлгөөнийг ажна. Харин чи нөгөө л харцаараа ширтэж байснаа юу ч хэлэлгүй гэнэтхэн л эргээд явчихсан. Чиний минь тэр дүр төрх одоо ч миний зүүдэнд үзэгдсээр л... Түүнээс хойш нэг жил өнгөрчээ. Хорвоогийн ахиад л нэг зун эхэллээ. Харин чамгүйгээр. Чи бол тэр чигээрээ миний бороо байжээ. Бүх л биенд минь уусан шингэж чадах тийм нэг жихүүн бөгөөд дулаахан. Харин одоо, Би бороо ороход дургүй. Ганцаараа дурсамжиндаа живчих вий гэхээс айдаг. Борооны үнэрт ч би дургүй. Чиний сүрчиг шиг санагддаг болохоор тэр. Харин, харин ганцхан зүйл л санаанаас гарахгүй юм. Чиний минь норсон гутал...
0 notes